ӨНДӨР ГЭГЭЭН Г.ЗАНАБАЗАРЫН НАМТАР

Ертөнцийн буурал түүхэнд, нүүдэлчин ард түмний оюун билэг, авьяас чадлын тод мөрийг үлдээсэн монгол  мэргэд, хаад жанжид, алдар суутан цөөнгүй билээ. Тэдний нэг нь 17 дугаар зууны сүүлийн хагас  18 дугаар зууны эхэн үеийг дамнан амьдарсан Монголын их соён гийгүүлэгч, шашин төр, урлагийн зүтгэлтэн, олны дунд “Өндөр гэгээн” хэмээн өргөмжлөгдсөн анхдугаар богд, Жавзандамба хутагт Гомбодоржийн Занабазар билээ. Г.Занабазар хутагт нь их богд эзэн Чингис хааны алтан ургийн шууд удам Батмөнх даян хааны 7 дахь үе Түшээт хан Гомбодоржийнд 1635 оны насан төгөлдөр хөхөгчин гахай жилийн 9 дүгээр сарын 25-нд тэр үеийн Түшээт ханы нутаг Есөнзүйл гэдэг газар ( Одоогийн Өвөрхангай аймгийн Есөнзүйл сум )  мэндэлжээ. Түшээт ханы хүү Г.Занабазарыг 1640 онд 5 настайд нь Богд Жавзандамба хутагтын хувилгаанаар тодруулан анхдугаар богд, Монголын шарын шашны тэргүүнд өргөмжилжээ.

Г.Занабазар хутагт бага наснаасаа бурхан шашны сургааль номлол, зан үйл, дэг ёсонд суралцаж улмаар 1649 онд Цастын орон Түвдэд очиж Банчин богдод бараалхан шавь орж шашны их бага таван ухааныг гүнзгийрүүлэн судлаж, сав шим ертөнцийн эш онолд боловсрон буцаж иржээ. Залуу хутагт эх нутагтаа ирээд номын хүрээ хийд, шашны сургуулийг олноор байгуулж, шашин соёлыг дэлгэрүүлж, олны сэтгэл оюуныг дотроос нь гийгүүлэн, аядуу зөөлөн шинэ иргэншлийг төлөвшүүлэх замаар үндэсний эв эеийг бэхлэн, эртний хүчирхэг улс гэрээ сэргээн мандуулахыг эрмэлзсэн гэдэг. Өндөр гэгээн Г.Занабазар нь  монголын шарын тэргүүн төдийгүй  уран барималч, зураач, хэл шинжлэлтэн зэрэг олон талын авьяастай, шашин, төр, урлагийн том зүтгэлтэн, их соён гэгээрүүлэгч хүн байсан нь түүхэн баримт сурвалж болон бүтээл туурвилаас нь тод харагддаг. Өөр өөр цаг үед монгол, төвд хэлээр бичигдсэн Өндөр гэгээн Г.Занабазарын намтрын 15 эх бичмэл байх бөгөөд тэдгээрийн анхдагч бөгөөд хамгийн ул үндэс, эш тулгууртай нь, их богдтой нэгэн цаг үед амьдарч асан, түүний гарын шавь нарын нэг, их эрдэмтэн, халхын Зая бандида Лувсанпэрэнлэйн түвд хэлээр туурвисан ”Жавзундамба Лувсандамбийбалсанбо-гийн ердийн товч намтар” хэмээх зохиол гэж  судлаачид үздэг.Тэр бүтээлд дурдснаар Г.Занабазар нь “Эд болон амгалан жаргалангийн амтанд үл шунан, өөрөө бусдыг энэрэн нигүүлсэж, гэмт явдлыг төрөлхөөс боомтлон, уур хилэнг тэвчсэн хийгээд нөхөрлөвөөс амгалантай, ядуу буурайчуулд өглөгийн гарыг сунгасан, ном эрдмийг сурах нь аяндаа бүтэх мэт агаад, эхээс төрсөн нялхас хөхөө аяндаа олж амлах шиг заахын хэрэггүй түүнчлэн суралцсан болой” гэсэн байна.

Энэ их хүн монгол оронд буддын шашныг дэлгэрүүлэхийн төлөө нэгэн насны амьдралаа зориулсан хэдий ч, хэтийдсэн мухар сүсэг бишрэлийг үл таашаадаг байжээ. “Алив нэгэн зүхэлт шахалтгүйгээр өөрөө бишрэн дагаваас үйлийн цагаан буян тэр буй. Шавь олон та нар минь, хураавч магадтайяа барагдах эд өлгийн зүйлээ өглөгөөр хомсдуулах нь зохист сайн үйл бишээ. Сахилтан олон та минь, асрал энэрлээр бусдын өргөсөн зүйлийг бусдад өгч тэтгэвэл буяны мөр зохих буй” хэмээн зарлигдаж байжээ. Түүний намтар зохиолд, “Нүүр царай, бие тэгш, тэнэгэр, хэн боловч харсан нэгэн,энэ хүн эгэл бишээ гэж танин мэдэхүйц, үг зарлиг дэлдэх нь тод сонсголонтой агаад, огтын сүсэггүй хүн ч гэнэтэд сүсэг бишрэл эрхгүй  төрөөд сэтгэл зөөлөрч одно” хэмээн дурдсан байна.

Өндөр гэгээн Г.Занабазар нь буддын гүн ухаан, монгол төвдийн яруу найраг, хэл шинжлэл, урлахуйн ухааны хэд хэдэн төрлөөр мэргэжсэний дотор дүрслэх урлаг уран барималд түүний билэг авьяас илүү хурц тод илэрч байв. Түүний  өөрийн гараар туурвин бүтээсэн язгуурын 5 бурхан, “Цагаан дара эх”, “Ногоон дара эх”, “Бодь суварга” зэрэг хүрлээр цутгаж, алтаар шарсан барималууд, мөн өөрийн болон эх Ханджамцын хөрөг зураг зэрэг хосгүй үнэт бүтээл нь хадгалагдан ирсэн бөгөөд өнөөдөр Г.Занабазарын нэрэмжит Дүрслэх урлагийн музей болон бусад зарим музейд дэлгэн үзүүлж, дотоод гадаадын үзэгчдийн нүдийг баясган, сэтгэлийг сэргээн шагшуулж байна. Дээрхи бүтээлүүдээс “Цагаан дара эх” болон бусад бурхдын баримал хөргийн талаар онцгойлон өгүүлвээс зохилтой. 

Г.Занабазар гэгээн, тухайн цаг үедээ урлахуйн өндөр түвшинд хүрээд байсан буддын бурхан шүтээн бүтээх дэг сургуулийг хэд хэдэн чиглэлээр шинэ түвшинд гарган төгөлдөржүүлсэн  гэж судлаачид үздэг. Зохиомж дүрслэлийн тухайд Энэтхэг, Балба, Түвдийн бурхан дүрслэлийн тогтсон хатуу дэгийг ягштал барьсан хүмүүн бусын ихэмсэг хөндий төрхтэй дүрслэлээс татгалзаж, энэрэнгүй энгүүн, бодит амьдлаг шинж байдлыг шингээн монголжуу зөөлөн дүр байдлыг цогцлоон бий болгож үүгээрээ Г.Занабазар гэгээнтэн Азийн Микеланжело гэж судлаачдын дунд алдаршин дэлхийн урлагийн түүхнээ үнэлэгджээ. Урлахуйн технологи талаас авч үзвэл, Цагаан дар эх, Ногоон дара эх болон бусад хөрөг баримлыг цул хүрлээр ямар ч залгаасгүй хөндий цутгаж, алтаар шармалдан өнгөлж, титэм, ээмэг зүүлт, бугуйвч, шагайвч болон суурийн иж бүрэн чимэглэлийг хөөмөл, цоолбор, сийлбэрийн аргаар чимэглэн гоёж, ялангуяа нимгэн торгомсог хувцас, нөмрөг, сэлт,түүний материаллаг бодит байдлыг нь хоорондоо үл давтагдах өөр өөр арга хийц, үлэмж нарийн хэмжээ хэмнэлтэйгээр тодруулан бүтээсэн байна. 

18 дугаар зууны үед зохиогдсон Энэтхэгийн нэгэн сударт “ Монголын их хувилгаан Г.Занабазарын бүтээсэн Дара эхийн мэлмий нь тэгш дэлгэр талибуун бөгөөд, угалзтай шулуун хамрыг тод сайхан гаргасан, нүүр дүүрэн мишээл болоод төв ихэмсэглэлийг уруулын дорхи ялимгүй инээмсэглэлд нь уусган шингээж, үе гишүүн бүхнийг нь ( гар, хөл,бие ) дэлгэн боловсорч буй найлзуур модон мэт орь залуугийн шинж төгс бүрдснээр бүтээжээ” хэмээн үнэлсэн байна. Тэр улс орноо соёлжуулан гэгээрүүлэхэд, шашны энэрэн нигүүлсэхүйн нөлөөг ашиглан үндэснийхээ нэгдмэл байдлыг бэхжүүлэх гэсэн тууштай санаа зоригийг  баримталж байжээ. Чухам энэ зорилгоор Соёмбо үсгийг зохиосон түүхтэй. Соёмбо нь өнөөг хүртэл Монгол үндэстэн мандан бадарч, өнө үүрд оршихыг өгүүлсэн монгол төр улсын билэгдэл болж байна.

 Нэгэн үе, Г.Занабазар хутагтыг, манжид  дагаар орж, монголын тусгаар тогтнолыг бусинуулсан гэж буруутган зүхдэг байсан бол өнөөдөр дотоод, гадаадын эрдэмтэн судлаачид энэ хүний монголын түүхэнд гүйцэтгэсэн үүргийг өөр өнцгөөс харж дүгнэдэг болж байна. Түүний үйл ажиллагааг 17 дугаар зууны сүүлийн хагасын Монгол орны гадаад, дотоод орчин нөхцөл, цэрэг, эдийн засгийн чадавхи зэрэг олон хүчин зүйлтэй холбон үзэж, эерэг бодит байдлаар хандах болжээ. Тэр үед монгол нутгийн умарт этгээдээс оросын түрэлт идэвхжин,Сибирийг эрхшээлдээ оруулж Байгаль нуурт тулж ирээд байв. Дорно этгээдэд Манж нар ид хүчээ авч, “шороон түмэн” хятадыг өвдөг дороо сөгдүүлж, далангаа сэтэлсэн их үерийн ус шиг түрхэрч байсан цаг. Монголын умарт хязгаарын үржил шимт “ногоон далай” болсон Сибирь нутгийг нь өм цөм залгин ирж яваа оросын түрэмгийлэгчдийг зогсоохоор Түшээт хан цэрэг хөдөлгөж, монголын морьт цэргийн сэлэмний хурц, хүлгийн хурдыг үзүүлэн элдэн хөөж байтал, Галдан бошигт халхад цэрэглэн довтолжээ. Ингэж цөөхөн монголын хөвүүдийн хайран халуун цус, төрсөн газар шороон дээрээ асгарч эхэлснээр оросын халдан түрэмгийлэгчдийг хиар цохиж явсан монголын морьт цэрэг, замын дундаас эргэж, хойт хязгаараа задгай орхин ирсэн нь түүхэн баримттай зүйл.

Энэ цаг үе бол Монголын буурал түүхийн хамгийн эмэгнэлтэй бараан өдрүүд байсан бөгөөд сүүлийн 60-70 жилд Өндөр гэгээн Г.Занабазар, түүний ах Түшээт хан Г.Чахундорж нар урвагч, Галдан бошигт эх оронч байсан мэтээр, харьцангуй ойрхны гэж хэлж болох, судалгааны баримт, эш  нотолгоо арвинтай бодит түүхийг гуйвуулж хэдэн үеийг төөрөлдүүлж ирсэн нь туйлын эмэгнэлтэй. Үнэндээ бол ойрдын хан ширээний төлөө зуун жилийн цус асгаруулсан тэмцэл савнаасаа хальж, халх ахан дүүсээ хядаж эхэлсэн түүхтэй. Галдан бошигт, элэг нэгт ах дүүстэйгээ хүч хавсран монголын голомтыг хамгаалах учиртай байсан бус уу. Гэтэл тэр, манжийн хаанд хандан. “ Би, халхыг туулай хөөсөн нохой шиг элдээд танай хэрэмд очуулан оруулав. Зонховын шашныг хиртээсэн муу хүн, аливаад сайн үгүй, хоёрын хооронд амьтан Жавзандамбыг даран сөнөөвөл их улсын эзэн таны болон Далай ламын сэтгэл амар болох буй за” гэсэн бичиг хүсэлт бүхий элч илгээж байсан байдаг. Харин Манжийн хаан түүний эл үгэнд үл автан “Бидний угаас хүсэх нь халх ойрдууд харилцан зохицож эвтэй сайн аж төрөх нь сэтгэлд нийцэх буй. Эдүгээ Түшээт хан ба Жавзундамба хутагтыг барьж өгөх нь нэгэн талд хэлбэрсэн хэрэг бус уу” хэмээн няцаасан байдаг. Манжийн хааныг ятган санаагаа гүйцэлдүүлж чадаагүй Галдан арга барагдан Төвдийн далай ламд элч зарж, “Манжийг ятгаж өгч, миний хоёр дайсан Түшээт хан Занабазар хутагт нарыг хэрэмнээс гаргуулаад өгөөч” гэж хүссэн байдаг. Төвдийн Далай ламын шадар дэсрид Санзайжамц гэгч Галданы хүсэлтийг шуурхай ёсчлон гүйцэлдүүлж, ” Гагцхүү хүсэх нь Түшээт хан ба Жавзандамба хутагтыг Галданд барьж өгвөөс амьтан олонд тустай. Энэ хоёр хүний амийг би хариуцах буй” гэсэн бичиг илгээжээ. Манжийн хаан ч өнөөгийн бидний төсөөлдөг шиг тийм ч ойворгон зальхай амьтан байгаагүй бололтой.     “ Тэднийг барьж өшөөтэй хүнд нь өгвөөс би хэн болох билээ. Ерөөс ийм зүйлийг хүсэгч их лам гэж  байх уу. Ийм лам  яаж  хамаг амьтанд тус хаяж чадах. Миний дотор ингэж сэжиглэхийн тул тусгай зарлигийн бичиг бичиж илгээв” хэмээн эрс татгалзсан байдаг. Мөн Манжийн хааны санал, зуучлалтайгаар 1686 оны улаан барс жилийн намрын эхэн сард Халх Ойрдын эвлэрлийн чуулганыг Заг Байдрагийн хүрэн бэлчирт хийлгэсэн нь түүхэн бодитой үйл явдал. Харин Ойрд болоод Халхын гурван ханы эвлэрэн нэгдэх нь Галданы сэтгэлд нийцээгүйн тул, “ Тэр чуулган дээр Жавзандамба чи, далай ламын элчтэй зэрэгцэн суух хэн юм. Зүй нь чи тэр их ламд мөргөн ёслож  сөгдөн суух ёстой” гэхчлэн эсэргүүцэн дайрсан бичиг өргөж түүгээр шалтгаалан халх ойрдын хооронд дайн эхлүүлсэн нь хааж нуухын аргагүй тал талын нотолгоо баримттай явдал билээ.

Харин ч Өндөр гэгээн, халх өөлдийн үе дамжсан хонзон хямралыг эцэслүүлэн амирлуулахыг эрэлхийлсээр байсан бөгөөд 1696 онд “Жанлавцогзол” буюу “Цагийн байдалд зохилдуулсан залбирлын дээдийг хайрлагч” хэмээх алдарт сургаалиа айлдаж, баруун зүүн, умарт, өмнөд монгол түмэн бүгдээр амны уншлага болговоос зохилтойсон хэмээн зарлигдсан гэдэг.Тэр цагт хойноос Орос, өмнөөс Манжийн их хүч түрж, элэг угсаа нэгт ойрдууд тэр хоёроос ч илүү аюул учруулан цэрэглэн халдаж, эзэн Чингэсийн голомт, Гурван голын сав нутгийг самардан цусан зам татуулж нийт монголын аюулын үүдийг нээжээ. Орос, Хятад, Ойрод, цаг нь ирж хүч нь бүрдсэн  Манжаас, дээдсийн голомт Монголоо яаж хамгаалж үлдэхийг шийдэх  хүнд бэрх сорилт, Өндөр гэгээн Түшээт хан хоёрын толгой дээр буусан хэрэг.Тэгээд гэгээн хүний гэгээн ухаанаар тал талаас нь эрэгцүүлж тунгаасны эцэст, З талын аюул төдийгүй Манжийн аюулаас  Манжаар нь хамгаалуулан Монголоо авч үлдэх замыг сонгосон гэдэг. Энэ нь төдийлөн зөв зам биш ч гэсэн тэр цагт түүнээс илүү дээр нь байсангүй. Ахуй заншил, шашин өөр, ядуу агаад догшин түрэмгий, тэгээд ч олон он жил монголчуудын ноёрхолд байсан өширхөл нь арилаагүй Орост итгэх аргагүй байж. Ойрдуудтойгоо хүч хавсрах цор ганц боломжийг нь Галдан хаачихсан байлаа.

 Өндөр гэгээн тэр үед, одоогийн манай гуйвуулсан түүхэнд бичдэг шиг, урваж давхиж очоод Манжийн эзэмшилд шууд орчихсон ч юм биш ажээ. Олон удаагийн яриа зөвшлийн эцэст 1691онд Долнуурын хэлэлцээрийг хийж, тус тусдаа хатуу үүрэг харилцан хүлээсэн вассаль буюу түшмэг улс болж өөрийгөө хамгаалуулсан учиртай. Тэр үүргийн дотор, хятадын тариачид бослого тэмцэл гаргавал монгол улс морьт цэрэг хөдөлгөн дарж өгнө. Халх монголын нутагт гаднын хүчин халдвал манж гүрэн цэргийн хүчээр хамгаална. Монгол нутагт хятад хүн байнга оршин суух, газар хагалж тариа тарих, монгол хүнтэй гэрлэхийг манжийн хуулиар хориглоно гэсэн хатуу заалт орсон байдаг. Одоогийн хэллэгээр бол хоёр тал, тус тусын хүлээсэн үүргээ 210 гаруй жил биелүүлж чадсан байна. Харин 1900 оны үеэс Манжийн төрийн хүчин сульдан доройтсон цагт, хятад түшмэлүүдийн явуулга, шаардлагаар “ Шинэ засгийн бодлого” гээчийг хэрэгжүүлснээр л манай зарим нутагт хятад иргэд сууршин тариа ногоо  тарьж, монгол эхнэр авч эхэлсэн түүхтэй. Монголчуудын хувьд манж гүрэн үгүй болох хүртэл хүлээсэн үүргээ биелүүлсэн гэх бөгөөд 1910 онд хятадын бослого эхлэхэд, морьт цэрэг хөдөлгөх шаардлагатай эсэхийг лавласан бичгийг манжийн хаанд илгээж байсан баримт үлджээ.

Албан ёсоор баримтжин тэмдэглэгдснээр 2220 жилийн тэртээгээс тоолж буй монголын төрт улсын түүхийн бичлэг дэхь, андуу зөрүүтэй ойлголт, санаатай болон санамсаргүйгээр гуйвуулж завхруулсан үнэлгээ дүгнэлтийг засч залруулах зорилтын дотор Өндөр гэгээн Г.Занабазарын монголын түүхэнд гүйцэтгэсэн үүрэг, тухайн үеийн Монгол Манжийн харилцааны талаархи үнэлгээ, дүгнэлтийг шинэ үзэл баримтлалаар тодорхойлох явдал манай үеийн түүхчдийн хойшлуулшгүй ажил болох билээ.

Өндөр гэгээн, бараг ер хүрч насласан ч цагийн эрх, хувь заяаны тохиолоор амьдралынхаа сүүлийн өдрүүдийг хүний нутагт өнгөрөөн 1723 онд Бээжингийн Шар сүмд ертөнцийн мөнх бусыг үзүүлж насан эцэслэжээ. Өндөр богдын шарилыг эх нутагт нь хүндэтгэлтэйгээр залж авчран түүний өөрийн орон Их хүрээнд гол шүтээн болгон залж байгаад 1778 оны шороон нохой жил Амарбаясгалант хийдэд мөнгөн сувраганд шүншиглэн оршоосон гэдэг.

SECURITY AT MUSEUMS

МУЗЕЙН АЮУЛГҮЙ БАЙДАЛ

татах | download

The Trainer’s Manual - Running a Museum: A Practical Handbook

татах | download

Running a Museum: A Practical Handbook

татах | download

ГАМШГИЙН ЭРСДЛИЙН МЕНЕЖМЕНТ БА МУЗЕЙ

DISASTER RISK MANAGEMENT FOR MUSEUMS

татах | download

DOCUMENTATION OF ARTEFACTS’ COLLECTIONS

ЦУГЛУУЛГЫН ЭД ЗҮЙЛСИЙН БАРИМТЖУУЛАЛТ

татах | download

CARE HANDLING OF MANUSCRIPTS

ГАР БИЧМЭЛҮҮДИЙГ ХАДГАЛЖ ХАМГААЛАХ НЬ

татах | download

ХАДГАЛЖ БУЙ ЦУГЛУУЛГАТАЙ ХАРЬЦАХ АЖИЛЛАГАА

татах | download